images

Монгол цуурч, швейцар бүрээчний зурагтай марк худалдаанд гарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-20


    Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ сарын 22-нд тохиож байна. Ойг тохиолдуулан "Монгол шуудан" компани 40х40 мм хэмжээтэй, тус бүр нь 3000 төгрөгийн үнэтэй 15000 ширхэг марк гүйлгээнд гаргасныг өнөөдөр Гадаад харилцааны яаманд танилцууллаа. Мөн 1300 ширхэг шуудангийн дугтуй гаргасан бөгөөд нэг бүрийн үнэ нь 12000 төгрөг ажээ. Зураач Г.Баттөр уг маркт Монгол Алтайн нурууны хамгийн өндөр уул болох Алтай таван богдын ноён оргил Хүйтэн уул (4374 м), Альпийн нурууны алдартай уулсын нэг Маттерхорныг (4478 м) дүрсэлсэн бөгөөд үндэсний хувцастай монгол цуурч, швейцар бүрээчнийг зуржээ. Зурагт дүрслэгдсэн цуурч Б.Наранбат нь 2000 гаруй жилийн түүхтэй монгол цуурын өвийг найм дахь үедээ өвлөн дэлгэрүүлж ирсэн хүн юм. Маркийн чимэглэл хэсэгт хоёр улсын төрийн далбаа, Алтайн аргаль, Альпийн янгир, тэнгэрт дүүлж буй бүргэд, бэр цэцэг, цагаан уул цэцэг, үзэсгэлэнт байгалийг зохиомжлон оруулжээ. Маркийг бүтээхэд Гадаад харилцааны яамны Европын газар, Монгол улс дахь Швейцарын хөгжлийн агентлаг, уулчин Б.Гангаамаа, ахмад дипломатч О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, бусад материалаар хангасан байна. Монгол маркийн 100 жилийн түүхэнд Швейцар улстай холбоотой шуудангийн маркийг анх 1960 онд "Улаан загалмайн нийгэмлэг" сэдвээр гаргаж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.